Хан-уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь ардын өв уламжлал ёс заншил зан үйлээ сурталчилан таниулах, залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх зорилгоор 13-р зуунаас өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн монголчуудын өнө эртний шагайн наадгайн төрөл “ Шагайн харваа”-ны тухай сургалт өдөрлөг зохион байгууллаа.
Тус сургалт өдөрлөгийг 09,10,16-р хороодтой хамтран 2018оны 02-р сарын 09 ны өдөр ХУД-ийн 10-р хорооний иргэдийн танхимд явуулж ,шагайн харвааны үүсэл хөгжил, дэг жаяг, хэрэгсэл, багийн зохион байгуулалтын онцлог, үүрэг, шагайн цуваа, тойром, цол , газар нутгийн онцлогоос хамааран арай өөр өөр байдаг уухай , хасаа шимэх, нийлэх үеийн дуудлага зэргийг сургалтаараа хүргэв.
Халх тойрмын шагайчид зөвхөн эрчүүд байгаагүй эмэгтэйчүүд ч гэсэн харвадаг байсан түүх нь: их хатан Дондогдулам ордны хүүхнүүдээ уран Янжин гэдэг бүсгүйгээр ахлуулан шагай харвуулдаг нь “ Зуутын алтан Янжингийн баг” гэгдэж алдар цуугаа алдаршиж, 1970-аад онд Дундговийн театрын жүжигчин бүсгүйчүүд харвадаг байсан хэмээн тэмдэглэгдсэн байна.
Өдөрлөгийг хамтран зохион явуулсан Улсын мэргэн Ц.Нямдорж, Улсын хошой мэргэн У.Уламнэмэх, хороодын нийгмийн ажилтан, ахлагч нартаа болон хүрэлцэн ирсэн иргэддээ баярлалаа.
Хашлага сумтай танилцаж 9 тохой газраас биш ч гэсэн хэрдээ таарсан зайнаас сум тавьцгаасан нь ихэд сонирхолтой байгаа нь одоо би одоо би гэх иргэдийн тэмүүлэлээс мэдрэгдэж, эртнээс нааш өртөөлөн ирсэн шагайн наадгайгаа өнөд цааш нь уламжуулан үлдээхэд түлхэц болсон сургалт болж өндөрлөв.