Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, алба, тасгийн дарга нар оролцлоо.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд өндөр насны тэтгэвэрт гарсан 60 гаруй ахмад хүрэлцэн ирлээ. Энэ үеэр Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ “Хан-Уул дүүргийнхээ хөгжил дэвшил, залуу хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ нохой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Хан-Уул дүүргийн хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт та нарын ажил амьдралтай салшгүй холбоотой. Та бүхэн маань урт удаан насалаарай гэж ерөөл дэвшүүлье” хэмээлээ.  Хүндэтгэл үзүүлэх ёслолд дүүргийн 60 гаруй ахмадууд оролцож,  уран бүтээлчид ая дуугаа өргөсөн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.