Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн дэргэдэх “Гэр” бүлэг 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг /2017.11.15/ өдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь НҮБ-ын “Хүүхдийн сан”-ын санхүүжилтээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ус ариун цэврийн байгууламжтай баригдсан цэцэрлэг юм.
Нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Болормаа, 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Энхтуяа, 145 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Янжиндулам болон эцэг эхчүүдийн төлөөлөл, иргэд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд – Зөв ирээдүй” зорилтын хүрээнд Боловсролын салбарт багагүй ажил хийж бодитой үр дүнд хүрээд байна. Цаашид боловсролын салбарт олон үр дүнтэй ажил хийхээр төлөвлөөд байна. Үүнд бол цэцэрлэг, сургуулийг шинээр барих, өргөтгөж барих, хувийн болон ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний санал санаачлагыг дэмжин ажиллахаар зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 85,0 хувьд хүрч өмнөх оноос 6 хувиар нэмэгдлээ. Ирэх 2020 он гэхэд Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна хэмээлээ.
Тус цэцэрлэг нь 2 гэр холбож барьсан бөгөөд инженерийн байгууламжтай цэцэрлэг юм. Дотроо ОО, душтай бөгөөд нэг гэр нь хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөж тоглож наадах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн бол нэг нь унтаж амрах өрөөтэйгээр зохион байгуулалтайгаар барьсан байна.
“Гэр” бүлэг цэцэрлэг нь ирэх долоо хоногийн даваа гарагаас эхэлж үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх бөгөөд дүүргийн 7,8 дугаар хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 25 хүүхэд хамрагдах аж. Ингэсэнээр 7,8 дугаар хорооны 4 настай цэцэрлэгийн насны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаад байна.
Мөн 73 дугаар цэцэрлэг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Эко модон тоглоом / хөл бөмбөг , сагсны талбай / зэрэг хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн биеийн тамирын Мини стадион бүхий гадны талбайг бүрэн тохижуулсан байна.
Хан-Уул дүүргийн 7-р хороонд байрлах тус цэцэрлэг нь 1984 онд 140 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтанд орсноос хойш 33 жил болж байгаа бөгөөд 2-6 хүртэл насны 1408 хүүхдээс 317 хүүхэд хамрагддаг байна.