Хан-Уул
Мэдээлэл

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ШОНХОР” АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе” уриатай сарын аян Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.

Тус сарын аяныхаа хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар “Шонхор” аялж эхлээд байна.

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  “Шонхор” “АПУ” ХХК анхлан хүлээн авлаа. Хуваарийн дагуу дараагийн аж ахуйн нэгж байгууллагуудаар долоо хоногийн хугацаатай дамжин явах юм.

Шонхор хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага нь дүүргээс зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аянд нэгдэн аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.

Уг аян нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд байгууллага нь аяны хүрээнд доорх 4 үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.

Үүнд:

  1. Гадна дотор орчиндоо стандартын шаардлага хангасан камер суурилуулах, камерын үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт гэрэлтүүлэг тавих, камерын хяналтын бүс гэсэн анхааруулга, санамжийг тухайн орчинд байршуулах,
  2. Байгууллагын ажилчдыг 7 хоногийн хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн хэлтэстэй хамтран эргүүлд томилон ажиллуулах,
  3. Ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шинээр гарсан хуулиудаар сургалт зохион байгуулах,
  4. Хууль сурталчлах самбар байгууллага дотор байршуулан эрх зүйн гарын авлага материал байршуулан, шинээр гарсан хуулиудыг сурталчлах, ажилчдыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, цаашид тогтмолжуулах,
  5. Зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээг хэвлэл мэдээллийг хэрэгслээс сурталчлах.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе!