Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Эко дүүрэг- Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-тай хамтран “Эко дүүрэг – Ногоон сургууль,цэцэрлэг” сарын аян зохион байгуулан ажиллаж байна.
Тус аяныхаа хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургууль, цэцэрлэгүүдийг шат дараатайгаар ногоон байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж буй. Ингэсэнээр дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо нэмэгдэж байгаа юм.
Түүнчлэн бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшинээр ахлуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, 52 дугаар сургуулийн ажилтан, албан хаагчидтай хамтран тус сургуулийн хашаанд мод тарилаа. Ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 19000 ширхэг мод, бут, сөөг таригдаж ногоон орчинг бий болгох, нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн хавар 15000 ширхэг мод, бут сөөг тарьсан. Тус тарьсан мод, бут, сөөгнийхөө ургалтыг явцыг харж, өөрсдийн тарьсан моднууддаа цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн хөл газрын ургамлыг нь устгах ажилд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцлоо.