Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/13 Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2025 оны 01 сарын 06-ны өдөр                       Дугаар А/13                                      Улаанбаатар хот

Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах

талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, батлагдсан төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах зорилгоор дараах чиглэлээр анхаарч ажиллахыг орон нутгийн төсвийн шууд захирагч нар, Засаг даргын харьяа байгууллагуудын дарга нарт даалгасугай;

1.1.Батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, аливаа өр, авлага үүсгэхгүй байх;

1.2.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, тодорхой, оновчтой арга хэмжээ төлөвлөн, байгууллагынхаа төлөвлөгөөнд заавал тусган ажилласан байх;

1.3.Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн барааг худалдан авах чиглэл баримтлах;

1.4.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, батлагдсан санхүүжилтийг төсвийн жилд багтаан бүрэн олгох арга хэмжээг авах;

1.5.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;

1.6.Орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хийгдэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад холбогдох хууль, тогтоомжийг баримтлах;

1.7.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, мэдээллийг үнэн зөв, хуулийн хугацаанд нь шуурхай оруулж хэвших;

1.8.Санхүүгийн анхан шатны баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу e-barimt буюу цахим төлбөрийн баримт бүрдүүлж, бүртгэж, баталгаажуулсан байх;

Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, гарсан зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх;

  1. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, явц, үр дүнг улирал бүр тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН