Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/137 Шуурхай штабыг шинэчлэн байгуулах тухай

2021 оны 03 сарын 15-ны өдөр                          Дугаар А/137                                 Улаанбаатар хот

 

Шуурхай штабыг шинэчлэн байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 45 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 22 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/108 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, голомтод хүрэлцэн очиж хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд байгуулсугай.
  2. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, ажлын чиг үүргийг нэгдүгээр, штабын бүтэц, зохион байгуулалтыг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үндсэн ажил, үүргийг зохицуулж, цалин хөлс, урамшуулал, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, мөн Ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох газар, хэлтэс, тасаг, албадын дарга, захирал нарт даалгасугай.
  4. Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 8.029.000 /найман сая хорин есөн мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
  6. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны “Шуурхай штабын үйл ажиллагааг сунгах тухай” А/110 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН