Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/184 Стандарт, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2025 оны 03 сарын 18-ны өдөр                          Дугаар А/184                       Улаанбаатар хот

 Стандарт, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр

 авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалт, “Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны А/31 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартын зөрчлийг арилгах, иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц аливаа асуудлыг дүүргийн менежер болон хариуцсан бүсийн хороодын Засаг дарга нартай зөвшилцөж шуурхай шийдвэрлэх, орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, үр дүнг тайлагнаж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т, “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Ц.Чинзоригт), “Эко хотын тээвэр” ААТҮГ (Э.Эрдэнэчимэг)-т, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул Яармаг ОНӨААТҮГ (Б.Амартүвшин), Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2.Стандарт, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын зардал, хариуцах бүсийг хавсралтаар баталж, тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Хан-Уул дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН