Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/20 Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай

2025 оны 01 сарын 14-ний өдөр                      Дугаар А/20                                      Улаанбаатар хот

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа

гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дах заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 226 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/33 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан, судалгаа гаргах, зөвлөгөө зөвлөмж хүргэх ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулахыг дүүргийн Менежер, Шуурхай штабын дарга (Ц.Эрдэнэбаатар)-д, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.

2.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг хэрэгжүүлэхэд дүүргийн төрийн захиргааны байгууллагуудаас дайчлагдан ажиллах ажилтан, алба хаагч, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг бүрэн хамруулж, үүрэг чиглэлээр ханган зохион байгуулж, дүн мэдээг нэгтгэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор танилцуулахыг дүүргийн Менежер, Шуурхай штабын дарга (Ц.Эрдэнэбаатар)-д үүрэг болгосугай.

3.Хяналт шалгалт, судалгаа гаргах ажлын хуваарийг 1 дүгээр, шаардлагатай зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж, хүн хүчний дэмжлэг үзүүлж, батлагдсан хуваарийн дагуу ажиллуулахыг төрийн захиргааны нийт байгууллагын дарга, удирдлага нарт үүрэг болгосугай.

4.Дүүргийн “Шуурхай штаб”-ын үйл ажиллагаа болон хяналт шалгалт, судалгааны ажилд шаардлагатай 28,866,400 (хорин найман сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийн зардлыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН