2025 оны 03 сарын 26-ны өдөр Дугаар А/200 Улаанбаатар хот
Энгийн болон тусгай зөвшөөрөл олгох, сунгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3, 5.2, 5.3, 8.1, 8.2 дугаар зүйл, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9, 7.10, 7.11 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаар шинэчлэн тогтоох тухай” А/847 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 2024 оны А/219 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жижиглэн худалдааны болон хоол үйлдвэрлэлийн газрын стандарт шаардлагыг хангаж, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгох 5 аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 2 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс хол зайд байрлаж, худалдааны газрын стандарт шаардлагыг хангасан, тамхи худалдах зөвшөөрөл шинээр олгох 6 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гуравдугаар, зөвшөөрлийн хугацааг сунгах 4 иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
3.Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс (Г.Сүрэнтамжид)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН