Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/205 Цэргийн албаны ээлжит татлагын ажлыг зохион байгуулах тухай

2025 оны 04 сарын 14-ний өдөр                         Дугаар А/205                       Улаанбаатар хот

 

Цэргийн албаны ээлжит татлагын ажлыг зохион

байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/435 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд иргэнийг татах ажлыг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

2.Цэрэг татлагын ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Хан-Уул дүүргийн цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга (З.Буянт)-д даалгасугай.

3.1.Дүүргийн цэрэг татлагын байранд ажиллах бүрэлдэхүүнийг холбогдох албан тушаалтнуудаар бүрдүүлж томилон, ажил үүргийн хуваарь, төлөвлөгөөг батлах,

3.2.Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас оногдуулсан хяналтын тоон даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах,

3.3.Иргэнээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх.

4.Цэргийн бүртгэлээр 2025 онд бүртгэгдсэн 18-25 насны цэргийн үүрэгтнийг цэрэг татлагад бүрэн хамруулах, зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг ирүүлэх ажлыг зохион байгуулахыг хорооны Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

5.Цэргийн жинхэнэ албанд татагдах 18-25 насны эрэгтэйчүүдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, иргэний баримт бичгийн зөрчил бүхий иргэдийн судалгааг хороо тус бүрээр гаргаж, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс (С.Оюун-Эрдэнэ)-т даалгасугай.

6.Цэрэгт татлагын байрыг дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд зохион байгуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийг дуустал шаардлагатай

өрөө, танхимыг чөлөөлөн техник хэрэгслээр бүрэн хангаж ажиллахыг 34 дүгээр сургууль (Р.Өлзийхишиг)-д үүрэг болгосугай.

7.Товчооны бүрэлдэхүүнд ажиллах мэргэжлийн эмч, сувилагч нарт холбогдох зааварчилгаа өгч, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Н.Наранбаатар)-д даалгасугай.

8.Цэрэг татлагын үед хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, товчооны байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл аваад тогтоосон хугацаанд заасан газарт ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжлан цэрэг татлагад бүрэн хамруулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, гэмт хэргийн учир шалтгаанаар шалгагдаж байгаа иргэдийн судалгааг хороо тус бүрээр гарган Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т үүрэг болгосугай.

9.Цэрэгт татагдагчдыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох, шаардлагатай арга хэмжээ авах, татагдагчдыг цэргийн төв дамжинд хүргэх тусгай тоноглолтой тээврийн хэрэгслийг гарган ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс (хурандаа Г.Бямбадорж)-т даалгасугай.

10.Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын дагуу амралтын өдрүүдэд ажилласан бие бүрэлдэхүүнд нөхөж нэмэгдэл хөлс олгох, Цэрэг татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т зөвшөөрсүгэй.

11.Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг Цэргийн штабын дарга (хурандаа Д.Баасанхүү)-д үүрэг болгосугай.

12.Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг илтгэхийг Цэрэг татлагын товчоонд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН