2025 оны 04 сарын 11-ний өдөр Дугаар А/214 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Билэгтбагана” ХХК нь Оросын Холбооны Улсаас импортоор 14 тооны үржлийн адууг 14 дүгээр хороо Гавжийн шанд 1-27 тоотод байрлах өөрийн жүчээнд авахтай холбогдуулан 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
2.Импортоор оруулж ирсэн үржлийн адууг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
3.Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Билэгтбагана” ХХК (Т.Ганзориг)-д үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч (Д.Бат-Эрдэнэ)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН