2021 оны 04 сарын 30-ны өдөр Дугаар А/225 Улаанбаатар хот
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн
байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд авч
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. ”а’’, ”л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Дархлаажуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.3, 7 дугаар зүйлийн 7.2, Засгийн газрын 2021 оны 45, 91, 104, 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 02, 04, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 21, 31, 37 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 15 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтын “Улаан түвшин”-д шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж явц үр дүнг өдөр бүр тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, хороодын Засаг дарга нар, Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/, Онцгой байдлын хэлтэс /Д.Бат-Эрдэнэ/, дүүрэг дэх Цагдаагийн газар /Т.Дамбийням/, Замын цагдаагийн хэлтэс /Г.Бямбадорж/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
1.1. Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах;
1.2. Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах;
1.3. Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тарах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах;
1.4. Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар болон спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш)-тай согтууруулах ундааны борлуулалтад хяналт тавих;
1.5. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах нутгийн өөрөө удирдах байгууллага болон дүүргийн Сонгуулийн хорооны зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын судалгааг гаргаж автомашинаар зорчих QR код авах ажлыг зохион байгуулж ажиллах;
1.6. Зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллаж буй албан хаагчдыг ажиллах бололцоо нөхцөл, шаардлагатай техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс тэжээл, амин дэмээр хангах;
- “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон өөрчлөлт болон дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаарх анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд тогтмол хүргэж сурталчилж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН