2024 оны 07 сарын 09-ний өдөр Дугаар А/424 Улаанбаатар хот
Шуурхай штаб шинэчлэн байгуулах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалт, 27.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 5, 6 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2024 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор дүүргийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ыг байгуулж ажиллуулсугай.
2.Шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг зохион байгуулж, мэдээ мэдээллийг тухай бүр танилцуулж, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
4.Шуурхай штабтай холбоотой үйл ажиллагаанд гарсан зардлыг гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын тамгын газрын дарга, (С.Энхбаяр), Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга (М.Цогзолмаа), нарт зөвшөөрсүгэй.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга (А.Амартүвшин)-д даалгасугай.
6.Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах Шуурхай штаб байгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/382 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭH