2024 оны 08 сарын 07-ны өдөр Дугаар А/470 Улаанбаатар хот
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт
шилжүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.20, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3.1, 27 дугаар зүйлийн 271.2, 271.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, дүүргийн Онцгой комиссын 2024 оны 04 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн хотын хэмжээнд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд үргэлжилэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 20-30см давж үерлэсний улмаас Туул, Түргэний голын далан олон хэсэгт сэтэрч, дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын айл, өрх үерт өртөж, хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2024 оны 08 дугаар сард нийслэл хотын хэмжээнд хур тунадас олон жилийн дундажаас ахиу, ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цаг хүртэл дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны хэмжээнд хэсэгчлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.
2.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т, Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т, Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-т, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Туяацэцэг)-т, дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, дүүргийн Эрүүл мэндийн төв (А.Сувдаа)-д, 12 дугаар хорооны Засаг дарга (Д.Долгор)-т, 13 дугаар хорооны Засаг дарга (А.Одбаяр)-т, 14 дүгээр хорооны Засаг дарга (Н.Ганбадрах)-т тус тус үүрэг болгосугай.
3.Үерээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ зохион байгуулах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шуурхай шийдвэрлэж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН