2024 оны 08 сарын 14-ний өдөр Дугаар А/484 Улаанбаатар хот
Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэг,
эргүүл ажиллуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/948 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 13 дугаар хорооны Таван толгойн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, 14 дүгээр хорооны Өлзийтийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог түшиглэн 24 цагаар хяналт, шалгалтыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллуулсугай.
2.Үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдын ажиллах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.
3.Хяналт шалгалтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг удирдлага, зохион байгуулалтаар хангахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бат-Эрдэнэ)-т, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (Д.Гомбосүрэнжав)-т, Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т, тус тус үүрэг болгосугай.
4.Холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж, сургалт, сурталчилгаа зохион байгуулан ажиллахыг Хан-Уул Эрүүл мэндийн төв (А.Сувдаа)-д хариуцуулсугай.
5.Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллах алба хаагчид болон эргүүл шалгалтын хуваарийг нэгдүгээр, холбогдох зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
6.Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 8,220,400 (найман сая хоёр зуун хорин мянга дөрвөн зуу) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
7.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН