2024 оны 08 сарын 20-ны өдөр Дугаар А/493 Улаанбаатар хот
Үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох
ажиллагааг зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар 16-ны өдрийн 508/05 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 14 дүгээр хорооны Барилгачдын гудамжны зам, талбайн хөрс усанд угаагдан хагарч, гуу жалга үүсч иргэд аюулгүй зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд технологийн дагуу сэргээн засварлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Б.Мөнхбаяр)-т, ажлын явц гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг 14 дүгээр хорооны Засаг дарга (Д.Ганбадрах)-д тус тус үүрэг болгосугай.
2.Дээрх ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН