Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/494 Үерийн хамгаалалтын даланг цэвэрлэх тухай

2024 оны 08 сарын 20-ны өдөр                       Дугаар А/494                       Улаанбаатар хот

Үерийн хамгаалалтын даланг

 цэвэрлэх тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар 16-ны өдрийн 508/03 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 12 дугаар хорооны Сонгинын дэнж дэх үерийн байгууламж лаг шавраар дүүрч, авто зам доогуурх гаргалгааны хэсэг бөглөрч, дахин хур бороо орох тохиолдолд далан халих, усны гаргалгаа сэтэрч иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүссэн тул үерийн хамгаалалтын байгууламжийг цэвэрлэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг 12 дугаар хорооны Засаг дарга (Д.Долгор) үүрэг болгосугай.

2.Дээрх ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                   Б.ЦЭРЭН