2024 оны 08 сарын 21-ны өдөр Дугаар А/505 Улаанбаатар хот
Газрын зөрчил арилгаж, түргэн үйлчилгээний
цэг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1.2, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай” 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/35 дугаар тогтоолоор “Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор” бүхий газарт зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-д, түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т тус тус үүрэг болгосугай.
2.Газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэлтийн ажилд дэмжлэг үзүүлж, аюулгүй байдал, хэв журам сахиулан ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, орчны цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, нүүлгэн шилжүүлсэн талбайд дахин түргэн үйлчилгээний цэг байршуулахгүй байхад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг 11 дүгээр хорооны Засаг дарга (С.Ариунтуяа)-д тус тус үүрэг болгосугай.
3.Нүүлгэн шилжүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН