2024 оны 08 сарын 22-ны өдөр Дугаар А/510 Улаанбаатар хот
Үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох
ажиллагааг зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 508/06, 508/09 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 8 дугаар хорооны Дэнжийн 10, 11 дүгээр гудамжны залгаа болон өргөн хэсэгт хөрсний эвдрэл гэмтэл гарч, иргэд тээврийн хэрэгслээр болон явганаар аюулгүй зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд технологийн дагуу засварлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг “Хан-Уул дүүргийн Зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Б.Мөнхбаяр)-т, ажлын явц гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг 8 дугаар хорооны Засаг дарга (Д.Алимаа)-д, 14 дүгээр хорооны Засаг дарга (Н.Ганбадрах)-д тус тус үүрэг болгосугай
2.Дээрх ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН