Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/512  Тохижилт бүхий талбайн ашиглалт, арчлалт  хамгаалалтыг шилжүүлэх тухай

2024 оны 08 сарын 22-ны өдөр                       Дугаар А/512                       Улаанбаатар хот

Тохижилт бүхий талбайн ашиглалт, арчлалт

 хамгаалалтыг шилжүүлэх тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.4, 25.1.6, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 25.1.10, 25.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/225, А/646 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын  ашиглалт, цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хариуцаж байсан Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар зайсангийн гудамжнаас Дугуйн цагаан хүртэлх уулын алхалтын замын угтах хэсгийн амралт, зугаалгын бүсийн тохижилт бүхий талбайг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т шилжүүлсүгэй.

2.Тохижилт бүхий талбайн ашиглалт, арчлалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлцэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт), “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан), “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.

3.Талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт хамгаалалтын ажлын урсгал зардал болон бусад засвар, шинэчлэлтийн ажилд шаардлагатай үйл ажиллагааны зардлыг тооцож, тухайн жилийн төсөвт тусгуулж ажиллахыг  Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, “Хан-Уул Агро”  ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т тус тус даалгасугай.

4.Ашиглалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт хамгаалалтын ажилд шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас гүйцэтгэлээр санхүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Талбайн ашиглалт, арчлалт, хамгаалалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (Н.Ганзориг)-нд үүрэг болгосугай.

6.Амралт, зугаалгын бүсэд аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-т, иргэд, хүүхэд багачууд хальтирч унаж, бэртэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хан-Уул Эрүүл мэндийн төв (А.Сувдаа)-д тус тус үүрэг болгосугай.

7.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

8.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/394 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

       ЗАСАГ ДАРГА                                                Б.ЦЭРЭН