2024 оны 02 сарын 05-ны өдөр Дугаар А/68 Улаанбаатар хот
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг
хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчилж батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 56.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, Засгийн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2021 оны 350 дугаар тогтоол, 2024 оныг “Ойн жил” болгон зарлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/654 дүгээр тушаал, “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1145 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор 2024 оныг ойн жил болгон зарласантай холбогдуулан өөрийн эзэмшлийн болон орчны 50 метр хүртэлх талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тоосжилтыг бууруулах, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсугай.
2.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг шинэчилж, хавсралтаар баталсугай.
3.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөтэй уялдуулан дүүрэгт 2024 онд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж, явц, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд улирал тутам танилцуулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн), ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлуудыг олон нийтэд сурталчилж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (З.Буянт)-т тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж, ургуулах үйлсэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах, урамшуулах, идэвхжүүлэх олон талт сургалт, сурталчилгааны арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн), хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/39 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН