Хан-Уул
Тогтоол захирамж

Хяналт, шалгалт зохион байгуулах тухай

2023 оны 11 сарын 08-ний өдөр                      Дугаар А/626                         Улаанбаатар хот

Хяналт, шалгалт зохион байгуулах тухай

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1267 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчин хүний эрүүл мэндэд хог хаягдлаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалт тогтоосон бүсчлэлд хамаарах зам дагуу авто үйлчилгээ, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг, барилгын материалын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулсугай.

2.Хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хяналт шалгалтад хамаарах бүсчлэлийг хоёрдугаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэж Хотын стандарт, хяналтын газарт хүргүүлэхийг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т даалгасугай.

4.Хяналт шалгалтад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Ерөнхий нягтлан бодогч (А.Азжаргал)-д зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэнд)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                   Ж.АЛДАРЖАВХЛАН