2023 оны 11 сарын 28-ний өдөр Дугаар А/687 Улаанбаатар хот
Цэргийн бүртгэл явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1328 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг.Хан-Уул дүүргийн бэлтгэл офицер, цэргийн үүрэгтнүүдийн цэргийн бүртгэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулсугай.
Хоёр.Цэргийн бүртгэлийг удирдлага, зохион байгуулалт, хяналт тавьж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Үүнд:
Дарга Засаг даргын Тамгын газрын дарга
Орлогч дарга Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга
Гишүүд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Цагдаагийн газрын дарга
Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн
хороо хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга Засаг даргын Тамгын газрын Цэргийн
штабын тоо бүртгэлийн ахлах офицер
Гурав.Цэргийн бүртгэлийн ажлын хэсэг, хороодын Засаг дарга нарт даалгах нь:
3.1.Цэргийн бүртгэлийг хороодын хүн амын тоо бүртгэлтэй уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гаргах;
3.2.Цэргийн бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан дүүргийн иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах;
3.3.Цэргийн бүртгэлд энэ онд 18 нас хүрэх иргэнийг өөрийн биеэр ирүүлж, бүртгэлд хамруулах;
3.4.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах болзлыг ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах 26 нас хүрсэн иргэдийн судалгааг гарган Цэргийн штабт ирүүлэх;
3.5.Цэргийн бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулж, цэргийн бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцох;
3.6.Цэргийн бүртгэлийн мэдээ, тайланг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн бүртгэлийн комисст ирүүлэх;
Дөрөв.Цэргийн бүртгэлд шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс гаргахыг засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
Тав.Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын дагуу амралтын өдрүүдэд ажилласан бие бүрэлдэхүүнд нөхөж нэмэгдэл хөлс олгохыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосугай.
Зургаа.Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагын албан хаагчийн цэргийн үүрэгтний үзлэг шалгалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
Долоо.Цэргийн бүртгэлийн явц, чанар, хамралтанд байнга хяналт тавьж ажиллан, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлэхийг ажлын хэсгийн даргад даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН