2022 оны 03 сарын 02-ны өдөр Дугаар А128 Улаанбаатар хот
Шуурхай штабын үйл ажиллагааг
сунгах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гын “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 22 дугаар тушаалыг үндэслэн тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг шинэчилсэн бүтцээр зохион байгуулж, үйл ажиллагааг нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд явуулсугай.
- Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, ажлын үүрэг үйл ажиллагааг нэгдүгээр, штабын бүтэц, зохион байгуулалтыг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үндсэн ажил, үүргийг зохицуулж, цалин хөлс, урамшуулал, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, мөн ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох газар, хэлтэс, тасаг, албадын дарга, захирал нарт даалгасугай.
- Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 14,824,670 (Арван дөрвөн сая найман зуун хорин дөрөв мянга зургаан зуун дал) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН