2022 оны 03 сарын 16-ны өдөр Дугаар А146 Улаанбаатар хот
Авто тээврийн хэрэгслийн техникийн
хяналтын хуудас мөрдүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8 дахь заалт, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/90 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик, Өлзийт хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартыг мөрдүүлэх авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудсыг хавсралтаар баталсугай.
- Түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн тээвэрлэлтэд “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598 2020 стандартыг мөрдүүлэх авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудасны бүртгэл хөтөлж ажиллахыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болгосугай.
- Дээрх стандартыг зөрчиж авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудасгүй тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хязгаарласугай.
- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудсыг түгээмэл тархацтай ашигт
малтмал олборлогч, тээвэрлэгч, тээвэрлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдлийн дагуу танилцуулж захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (С.Галбадрах)-т, 10, 12, 13, 14, 16, 21 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал
тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавигдах хяналтын талаарх холбогдох мэдээллийг хил залгаа Төв аймаг болон Алтанбулаг сумын нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж хамтран ажилласугай.
- Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН