2023 оны 04 сарын 07-ны өдөр Дугаар А/186 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Баялаг фийд” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 50,000 ширхэг үржлийн өндгийг 14 дүгээр хороо Бурхантын 1-262а тоотод байрлах инкубаторт хүлээн авах гэж байгаатай холбогдуулан тус цехэд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- Импортоор оруулж ирсэн үржлийн өндгийг лабораторийн шинжилгээнд хамруулж, үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус даалгасугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Баялаг фийд” ХХК (Э.Наранбаатар)-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Ганбадрах)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН