Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/367 – Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулах тухай

2023 оны 06 сарын 26-ны өдөр                           Дугаар А/367                       Улаанбаатар хот

 

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх

хөдөлгөөнт эргүүл ажиллуулах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дах заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Усны ослоос урьдчилан сэргийлэх тухай” А/595 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт үүсч болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Туул” голын ай сав газраар Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүрэлдэхүүн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлгөөнт эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулсугай.

2.Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх бүрэлдэхүүн, маршрутыг нэгдүгээр, шаардагдах зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт зохион байгуулах хуваарийг гарган үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ), Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням), Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (М.Ганболд)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сэрэмжлүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын хэвлэл, мэдээллийн тасагт тус тус үүрэг болгосугай.

4.Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах 17,198,605 (арван долоон сая нэг зуун ерэн найман мянга зургаан зуун тав) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН