Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БНСУ-ЫН БУСАН ХОТЫН ХЭҮНДЭ ДҮҮРЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүргийн Засаг дарга Бэк Сон Ги нар үзэглэлээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь Монгол-Солонгос 2 улсын ард иргэдийн хоорондын харилцаа холбоо болон дүүргүүдийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэгтэйгээр санамж бичиг байгууллаа.

 Тус үйл ажиллагааны уулзалтаар хоёр дүүргийн эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж харилцан ярилцсан юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны мөрийн хөтөлбөртөө Аз жаргалтай амьдрал, “Эко дүүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Дээрх зорилтуудынхаа хүрээнд дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, мөн цаашдын зорилтынхоо талаар танилцуулж Бусан хотын Хэүндэ дүүрэгтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүргийн Засаг дарга Бэк Сон Ги хэлсэн үгэндээ хоёр дүүргийн цаашдын зорилго зорилтод ижил төсөөтэй зүйл олон байгаа учир цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Байнгын харилцаа холбоотой хамтран ажиллах болно хэмээлээ.

Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч дарга А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүргээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нар оролцлоо.