Хан-Уул
Мэдээлэл

“АНХААР ХУРДАА ТОХИРУУЛ”

Хан-Уул  дүүргийн хувьд Яармагийн гүүрнээс Нисэх орох зам дээр автын  осол голлон гарч эрдэнэт  хүнйи амь нас эрсдэж, гэмтэж бэртэх   тохиолдол  их бүртгэгддэг.
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран иргэдийг аюулгүй зорчих, гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Яармагийн зам дагуу мэдээлэх самбар байршууллаа.
Статистик мэдээнээс  үзэхэд  сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн осол, зөрчлөөс болж ,2014 онд 36 хүн, 2015 онд 23 хүн, 2016 онд 13 хүн, 2017 оны нэгдүгээр улиралд 4 хүн амь насаа алдсан  байна.
Энэ нь  зөвхөн Яармагийн гүүрнээс Нисэх орох зам дээр бүртгэгдсэн тохиолдол юм. Зам тээврийн осол гэмтлээс болж амь насаа алдсан иргэдийн шалтгаан нөхцөл нь жолоочийн буруугаас, явган зорчигчийн буруугаас үүдэлтэй байгаа бөгөөд үүнийг бууруулахын тулд мэдээлэх самбар байршуулж, гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохиож байгуулж байна.
Энэхүү  арга хэмжээнд дүүргийн  прокурор Ц.Батболд  оролцсон ба ХУД-ийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн “Дүүргийн ГХУСАЗСЗ-өөс явган зорчигч, жолооч нарт зориулан мэдээлэх самбар байршуулж байгаа нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах давхар ач холбогдолтойг тэмдэглэн хэлж байв.
2017 оны 05 сарын 25-ны өглөөний 09:00 – 11:00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс Нисэх орох замд хурд хэмжих багаж байршуулахад 365 автомашин хурд хэтрүүлсэн, үүнээс 4 автомашин 90км/ц дээш хурдтай зорчиж зөрчил  голлон  бүртгэгдсэн байна.
Иргэн таны амь нас, эрүүл мэндийн хамгаалахын тулд “Анхаар хурдаа тохируул” мэдээлэх самбар байршиж байна. Жолооч та хурдыг 50 хувиас дээш хэтрүүлбэл 60000 төгрөгөөр торгож, автомашин жолоодох эрх 6 сарын хугацаанд түр хасагдах болно. “Анхаар хамгаалах бүсээ бүсэл” гэсэн самбараар дамжуулан хамгаалах бүс хэрэглээгүй бол 12000 төгрөгөөр торгож, 1 оноо хасах хуулийн заалтыг давхар хүргэж байгаа юм.