Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 280 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОРИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол улсын засгийн газраас бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй сурч хөгжих боломж олгох бодлогыг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурван ээлжээр хичээллэж буй сургуулуудийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьсан.

Зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Буянт –Ухаа” цогцолбор сургуулийн сурагчид 2017-2018 оны хичээлийн жилд хоёр ээлжинд шилжих боломж бүрдэж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Рэгзэдмаа, болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2017 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 280 хүүхэд багачууд маань цэцэрлэгт бүрэн хамрагдаж, хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд хамрагдах боломжтой болж байгаа юм. Цаашид Хан-Уул дүүрэгт цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг шат дараатайгаар нэмнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.