Хан-Уул
Мэдээлэл

JCI УЛААНБААТАР САЛБАР БАЙГУУЛЛАГА, ХАН-УУЛ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХОТЫН ШИЙДЭЛ” ТӨСӨЛ ХААЛТАА ХИЙЛЭЭ

Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй залуусын сайн дурын нэгдэл болох JCI байгууллагын Монгол дах ууган салбар болох JCI Улаанбаатар салбарын томоохон төслүүдийн нэг Хотын шийдэл төсөл 2017 онд Хан-Уул дүүрэгт амжилттай хэрэгжиж дууслаа.


JCI Улаанбаатар салбар байгууллагатай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлсэн “Хотын шийдэл” төслийн хаалтын үйл ажиллагаа /2017.12.06/ өдөр боллоо.
Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Тохижилт, нийтийн  аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар болон Хан Уул дүүргийн 15, 60, 115, 130, Буянт-Ухаа цогцолбор сургуулиудын захирал, ивээн тэтгэгч компаниуд болох “Хүннү Рессорс” ХХК, “Эко Орчин” ХХК, “Тэсо” Корпораци, “Арголд” ХХК, төлөөлөл, JCI Улаанбаатар салбар байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч С. Баасансүрэн, JCI Улаанбаатар салбар байгууллагын Ерөнхийлөгчид, сенаторууд, гишүүд оролцлоо.


Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг –Ногоон хөгжил” зорилт, JCI Улаанбаатар салбар байгууллагын Хотын шийдэл төслийг хамтатган Хан-Уул дүүрэгт багагүй ажил хийж бодитой үр дүнд хүрсэн JCI Улаанбаатар салбар байгууллагын баг хамт олон ажлаа тайлагнаж, хамтран ажилласан дүүргийн удирдлагуудад талархсанаа илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.


JCI Улаанбаатар салбар байгууллага 2014 оноос Хотын шийдэл төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Нийслэл хотод тулгамдаад буй нэг асуудлыг жил бүр сонгон авч “Нэг асуудал – Нэг туршлага – Нэг шийдэл” уриан дор шийдэл дэвшүүлэх замаар 5 жил хэрэгжүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн хувьд “Хотын шийдэл” төслийн сэдэв нь “Хог хаягдлын менежмент” байсан бөгөөд “Хоггүй ирээдүй биднээс эхлэнэ” хэмээх уриатайгаар, хоггүй ирээдүйн төлөө иргэдийг эрүүл, аюулгүй, орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд олон нийтийг уриалах, тэднийг татан оролцуулахад хувь нэмрээ оруулсан болно.


Тус төслийг JCI Улаанбаатар салбар байгууллагын удирдлага, гишүүд, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын Буянт Ухаа цогцолбор сургууль, 15, 60, 115, 130-р сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Максимум клуб, Эко Орчин ХХК, Хүннү Ресурс ХХК, Арголд ХХК зэрэг олон байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:
ЕБС-ийн сурагчдад “Хог хаягдлын менежмент” сэдэвт, хог хаягдлын хор уршиг, дахин ашиглах талаарх ойлголт, мэдлэг олгох сургалт, хотын тохижилт үйлчилгээний ажилтнуудад Хүний хөгжлийн сургалт, өдөрлөг;
Улаанбаатар хотын их дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хог хаягдлын менежмент” сэдвийн хүрээнд илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээн;
ХУД-ын хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа сургуулиудад “Хүндэтгэлийн өдөр”-ийг зохион байгуулж цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн;
ЕБС-иудын сурагчдын дунд хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдаан;
ХУД-ийн ЕБС-иудад хогийн сав хандивлах ажиллагаа;
JCI Garden төсөлтэй хамтарч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүүдрэвч, хогийн сав хандивлах зэрэг томоохон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Төслийн үр дүн
Төсөлд хамрагдсан 5 сургуулийн 4000 гаруй сурагчдад “Хог хаягдлын төрөл, хог хаягдлын сөрөг нөлөө, хэрхэн зөв хаях болон дахин боловсруулах нь” сэдэвт сургалт орсноор хүүхдүүд хог хаягдлын менежментийн талаар тодорхой ойлголттой болж, сургуулийн хүүхдийн гудамжинд хаясан цаас, хог хаягдал буурч сургуулийн эргэн тойронд цэвэр орчинг бий болгосон.
Дээрх 5 сургуулийн 50 гаруй сурагчдыг төслийн сургагч багшаар бэлтгэж, тэдгээр сургагч багш нь ХУД-ийн 32 сургуулийн 25,000 гаруй сурагчдад “Хог хаягдлын менежмент” хичээлийг заасан.
Хог хаягдлыг ашиглан ахуйн хэрэгцээт зүйлсийг хийж бүтээж болохыг “Бүтээлийн уралдаан”-аар дамжуулан хүүхдүүдэд ойлгуулсан.
“Хүндэтгэлийн өдөр”-ийг зохион байгуулж, цаашид уламжлал болгон хэвшүүлэх эхлэлийг тавьснаар хүүхдүүд үйлчилгээний ажилтнуудын ажлыг ойлгон хүндэтгэх, хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус газарт хаяхын хор уршгийг биеэр ойлгон мэдсэн. Ингэж ирээдүйн иргэдийн тодорхой хувь нь мэдлэг, мэдээлэлтэй болсноор бусаддаа таниулан сурталчлах чухал ажил болсон.
Нийслэлийн их дээд сургуулиудын 100 000 гаруй оюутан, залуусын дунд “Хог хаягдлын менежмент” сэдэвт илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсны үр дүнд парламентын мэтгэлцээний тэмцээний сүүлийн шатанд квотоор 48 баг, илтгэх урлагийн тэмцээнд шалгарсан 10 оюутан илтгэлээ тавьсан.
Тэмцээний үр дүнд оюутнууд хог хаягдал, түүний үр дагавар, хэрхэн зөв шийдэл, эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох боломжуудын талаар тодорхой сэдвийн хүрээнд өнөөгийн байдалд үнэлэлт өгч, судалгаа хийж, санал, шийдэл дэвшүүлсэн.
Оюутнууд тэмцээнд орсноор бусдын өмнө өөрсдийн үзэл бодлыг танилцуулж илтгэх, манлайлах чадвараа өсгөсөн төдийгүй өөрийн боломж бололцоог шинээр танин мэдэж, нийгэмд тулгамдаж буй асуудалд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, ирээдүйн хөгжил дэвшилд эерэг өөрчлөлтийг оруулж болохыг ухамсарлахад нь бодитой хувь нэмэр оруулсан.

Уг төсөл нь Ази номхон далайн орнуудын бүсийн чуулган ASPAC 2017-аас “Best Local CSR Program” буюу “Шилдэг нийгмийн хариуцлагатай төсөл”, JCI Монгол байгууллагын 2017 оны Шилдэг нийгэмд хандсан төслөөр тус тус шалгарсан байна.
Хотын шийдэл төсөл дараа жилд “Хот төлөвлөлт, дэд бүтцийн инженерчлэл” сэдэвтэйгээр үргэлжлэн хэрэгжих юм байна.