Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувиараа ажиллаж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонслоо.
Дээрх удирдамжийн дагуу (2018.01.27) өдөр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд нээгдсэн “Монгол түлш” ХХК-ны газрын гүнийн дулаанаар хэрэглээний халуун ус, хөргөлт, дулаан хангамжийн “Ногоон “ шийдэл технологи бүхий агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Засаг даргын орлогч Г.Батсайхан, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль зүйн тасгийн дарга Ч.Байгаль, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам “Монгол түлш” ХХК-ны зөвлөх н.Баттулга болон тус компанийн инженерүүд оролцлоо.
“Монгол түлш” ХХК нь дэлхийд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний бодлогыг Монгол улсад нэвтрүүлэх, ашиглалтыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн үр ашигтай технологи дээр суурилсан цогц шийдэл бий болгох, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ажиллаж байгаа аж.
Газрын гүнийн дулаанаар хэрэглээний халуун ус, хөргөлт, дулаан хангамжийг цогцоор нь шийдэж чадвал Агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно хэмээн тус компанийн зөвлөх н.Баттулга уламжиллаа.