Хан-Уул
Мэдээлэл

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭГДСЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул Дүүргийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойг   угтан   2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн  4-5 настнуудын  дунд үндэсний бөхийн барилдаан Дүүргийн тэргүүний 34 дүгээр сургууль дээр зохион байгуулагдлаа.

Үндэсний  бөхийн барилдаанд 22 цэцэрлэгийн 32 бөх хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин барилдсанаас  Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн бөх Б.Меринбек түрүүлж, 209 дүгээр цэцэрлэгийн Г.Мөнхтогтох  үзүүрлэн, 165 дугаар цэцэрлэгийн Б.Хосбаяр, 250 дугаар цэцэрлэгийн Н.Од нар шөвгөрсөн.

Монгол бөхийн дэг жаяг, өв соёлыг таниулж, өвлүүлэх  хүүхдүүдийг  бага наснаас нь эхлэн үндэсний бөхийн барилдаанаар хичээллүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, бага  насны хүүхдийн  үндэсний бөхийн   барилдааныг Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэгийн захиргаа анх санаачилж байсан бөгөөд энэ жил 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Жил бүр  уран барилдаанч хүүхдийг шалгаруулдаг  бөгөөд 2018 оны уран барилдаанч бөхөөр 12 дугаар цэцэрлэгийн Л.Осоргарав тодорлоо.

Хүүхдийн үндэсний бөхийн  барилдааны үйл ажиллагаанд Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон  6-р хорооны засаг дарга А.Сүххишиг, Хатан-туул сүлжээ цэцэрлэгүүдийн эрхлэгч нар оролцож, үзүүр түрүү болон шөвгийн 4-т шалгарсан бяцхан бөхчүүдэд шагнал гардуулсан ба  барилдаанд оролцсон хүүхдүүдэд Дурсамж, гарын бэлэг гардууллаа.