Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, ОРОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Боловсролын Газраас 2018 оныг “Эх хэлний боловсролыг дэмжих жил”, “Орос хэлний боловсролыг дэмжих жил” болгосон билээ.

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн монгол хэл, гадаад хэлний судлагдахууны баг хамтран 2018 оны 03 сарын 22 –ны өдөр жилийн ажлын нээлтийн арга хэмжээг багш нарын мэргэжлийн  мэдлэг, заах арга ур чадварыг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх,  мэргэжил сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.

Нээлтэнд Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Ц. Отгончимэг, Орос улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничества агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн Будаева Татьяна Чагдуровна, Монгол Улсын гавъяат багш, Бодит чадвар академийн захирал Ө. Цэндсүрэн, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, монгол орос хэлний мэргэжлийн багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн орос хэлний багш П.Куланда О.Дашбалбарын шүлэг “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг орос хэл дээр орчуулсан бөгөөд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний 18  дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид монгол, орос хэл дээр уншлаа. Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 52 дугаар сургуулийн МХУЗ-ын багш Ж.Нарантуяа, 60 дугаар сургуулийн орос хэлний багш П.Куланда  нарыг Боловсролын хэлтсийн даргын “Өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.