Хан-Уул
Мэдээлэл

ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ГЭДГИЙГ СУРАГЧДАД ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГООР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог.  Харин тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хөнгөн хийсвэр зан, хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн хариулсан байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч байгаа юм.

ЕБС-ийн төгсөх ангийн зарим сурагчид шүүгч, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд 34 дүгээр сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагчид өнөөдөр шүүх хуралдааны үйл явцтай танилцлаа. Энэ нь сурагчдад ямар ойлголт өгснийг тодруулсан юм.

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагч А.Энхжин: Найзууддаа гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар ярьж өгнө
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, шүүх хуралдааны талаар сонсож байсан. Яг шүүх хуралдааны үйл ажиллагаатай танилцаж, гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл авч байгаагүй. Энэ нь их сонин байлаа.  Ямарваа нэг гэмт хэрэг санаатай, санамсаргүй янз бүрийн байдлаар өртөж, нөхцөл байдал хүндрээд шүүхийн үүд хаалга татдаг. Цаашлаад гэмт хэрэгтэн болдог. Иймээс үе тэнгийнхээ найз нөхөд, анги хамт олондоо олж авсан мэдлэг, гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар ярьж өгнөө. 

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагч н.Лхагва-Эрдэнэ: Олж авсан мэдээллээрээ дамжуулан эссэ бичиж үе тэнгийнхэндээ мэдээлэл хүргэнэ
Өнөөдөр шүүх хуралдааны үйл ажиллагаатай танилцаж, хууль эрх зүйн мэдээ мэдээлэл авлаа. Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа нь эрх зүйн мэдлэг, мэдээлэл муу  байдагтай холбоотой байдаг юм байна. Өнөөдөр олж авсан мэдээллээрээ дамжуулан эссэ бичиж үе тэнгийнхэндээ шүүхийн үйл ажиллагааны анхны мэдээлэл өгөхийг хүсэж байна. 

Мөн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн Нийгмийн ажилтан О.Түвшинбаяр өнөөдрийн үйл ажиллагааны талаар ийн ярьсан юм.
Сургуулийнхаа 10, 11 дүгээр ангийн сурагчдадтай хамт тэдэнд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор шүүх хуралдааны үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хөндлөнгөөс ажиглагчаар оролцлоо. Хууль зөрчвөл хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилгоор хулгай, танхайн гэмт хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэдэг болохыг сурагчдад маань харлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид гэмт хэрэгт өртөж болзошгүй байдаг юм. Сургуулийн  нийгмийн ажилтан, иргэн хүнийхээ хувьд ч тэр нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мэдээ мэдээллээр тогтмол хангаж ажилладаг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархсанаа илэрхийлье хэмээлээ.