Хан-Уул
Мэдээлэл

ҮЙЛДВЭРЛЭГЧ БИДЭНД БОЛОМЖ БИЙ

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс санаачлан “Үйлдвэрлэгч танд” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтыг 2018 онд нийт 5 удаа зохион байгуулж 200 гаруй үйлдвэр эрхлэгчдийг хамруулан ажиллалаа.

Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэн зохион байгуулагддаг тус уулзалтын 2018 оны хамгийн сүүлийн уулзалт арьс шир, гар урлал үйлдвэрлэгчдийн дунд амжилттай зохион байгуулагдаж 30 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцлоо.

Арга хэмжээд дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтэс, Татварын Хэлтэс, Худалдаа Хөгжлийн Банк зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож үйлдвэр эрхлэгчдэд салбарын чиглэлд тохирсон мэдээлэл зөвлөгөөг хүргэн тэдний асуултанд хариулт өгч үйлдвэр эрхлэгчдийн хувьд үр дүнтэй боллоо.

Мөн өөрийн үйлдвэрлэлээ амжилттай өргөжүүлэн ажиллаж байгаа арьс жижиг эдлэл үйлдвэрлэгч “Пици” ХХК-ний захирал Г.Отгон, эсгий бүтээл урлаач О.Долгормаа нар өөрсдийн үйл ажиллагааны туршлагаас үйлдвэр эрхлэгчдэд хуваалцан харилцан туршлага солилцож, “БИДЭНД БОЛОМЖ БИЙ, ГАГЦХҮҮ ЗӨВ ЗАМААР ЗӨВ ХӨДӨЛМӨРЛӨХ НЬ ЧУХАЛ” гэдгийг онцолсон юм.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйл ажиллагааны чиглэл болон үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг олон талт арга хэмжээний тухай танилцуулгыг хийн “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэхэн дугаарыг танилцуулан тараалаа.
“Үйлдвэрлэгч танд” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалт ирэх онд салбар салбарын үйлдвэрлэгчдийн дунд дахин зохион байгуулагдах болно.