Хан-Уул
Мэдээлэл

“ХАРИУЦЛАГАТАЙ, ТОГТВОРТОЙ НИЙГЭМ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ болон Дани Монголын хамтарсан нийгэмлэгтэй хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТВОРТОЙ НИЙГЭМ” төслийн танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ийн мэргэжилтэн, Дани Монголын хамтарсан нийгэмлэгийн төлөөлөгч болон Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн нар оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 70 гаруй иргэнд холбогдох зөвөлгөө, мэдээллийг өглөө.

“Хариуцлагатай тогтвортой нийгэм” төсөл нь 2019-2022 оны хооронд хэрэгжих бөгөөд гол зорилго нь “Орлого багатай айл өрх, иргэдийг чадваржуулан ядуурлыг бууруулж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах”-д оршино.
Төслийн гол хэрэгжүүлэгч байгууллагаар Монгол талаас “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ, Дани улсаас “Дани Монголын хамтарсан Нийгэмлэг” ажиллана.

Энэхүү төсөл нь 9 аймаг, нийгслэлийн 2 дүүрэгт хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Тодруулбал: Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Дундговийн Эрдэнэдалай сум, Завхан, Завханы Тосонцэнгэл, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хэрэгжинэ.

Төслийн хүрээнд дараах гол зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1.    Төсөлд хамрагдсан 13 газарт тогтвортой ажиллагаатай
180 ЖДҮ байгуулах;

2. “Нийгмийн Түншлэлийн Сүлжээ”-ний орон нутгийн 13 салбар болон “Нийгмийн Түншлэлийн Сүлжээ”-ний Ажлын албаны ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ тогтвортой эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадавхийг бэхжүүлэх;

3. 13 газрын орлого багатай 2100 айл өрхийг орон нутгийн бизнес хөгжлийн бүлэг /ОНББ/-ийн үйл ажиллагаанд хамруулж чадваржуулах зэрэг болно.

“Хариуцлагатай тогтвортой нийгэм” /2019-2022/ төслийн хүрээнд хэрэгжүүлэх эхний ажил “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” сургалтаар эхэлж байна.

Сургалт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “Сургалтын танхим”-д болох ба сургалтыг Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын мастер багш Я.Балгансүрэн удирдан явуулна.

Төслийн сургалтад хамрагдаж байгаа нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ амжилт хүсье.