Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай “Хариуцлагын гэрээ” байгуулж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн харьяа төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч “Хариуцлагын гэрээ”–г байгуулж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Тус хариуцлагын гэрээнд танхимаар хичээллэж буй суралцагчид Коронавирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэхийг зорилго оршино.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хандан “Хан-Уул дүүрэгт боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд эрчимтэй үргэлжилж байна. 2021-2022 оны хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт 13 цэцэрлэг, 9 сургууль шинээр ашиглалтад орно. Ингэснээр дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, хүүхдүүд харьяаллын дагуу хичээллэж, сургуулийн ачаалал тэр хэмжээгээр буурах юм.

Иймд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн хариуцсан ажлынхаа чанар хүртээмжийг сайжруулан, хариуцлагатай байж, халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтлан хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг анхаарууллаа.

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 19 сургууль, 28 цэцэрлэг, төрийн бус өмчийн 27 сургууль, 102 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт цахимаар ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.