Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэгт “Өвсний үндэс” төсөл дахин хэрэгжинэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар энэ сарын 7-ны өдөр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуулийн засвар” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдэд тав тухтай орчин бүрдүүлж, боловсролын салбарт чухал дэмжлэг үзүүлж байгаа Японы ард түмэнд талархал илэрхийллээ.
Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуульд засварын ажил хийгдэх юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болно.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн төсөл нь Монгол дахь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 591 дэх, Хан-Уул дүүрэгт хэрэгжих 13 дахь төсөл болж буйгаараа онцлогтой.