Хан-Уул
Мэдээлэл

Гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Солонгос улсын “Дасан лайтинг” ХХК,  дүүргийн нутаг дэвсгэрийн гэрэлтүүлэг хариуцсан “Новелнэтворк” ХХК харилцан тохиролцсоны үндсэн хамтын ажиллагааны гурван талт санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр,  Солонгос улсын “Дасан лайтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пак Юунг Сок,  дүүргийн нутаг дэвсгэрийн гэрэлтүүлэг хариуцсан “Новелнэтворк” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Оюунбат нар гарын үсэг зурлаа.

Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, технологийн дэвшил бүхий нэгдсэн хяналт удирдлагын системийг нэвтрүүлж эрчим хүчний хэмнэлт бий болгох зорилгоор талууд зөвшилцөлд хүрч санамж бичиг байгууллаа.

Тус хамтын ажиллагааны төсөл хэрэгжсэнээр Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан “Эрчим хүчний ашиглалтын үр ашгийг өсгөж, дэд бүтцийг өргөжүүлэх, технологийн шинэчлэл хийж гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, нэгдсэн удирдлагын автомат системд холбох” зорилт хангагдаж, дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.