Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” сарын аянд нэгдэж байна

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ХНХЯ, ГХУСАЗЗ-тэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан /2024.03.01-04.01/-ний өдрийг хүртэл үндэсний хэмжээнд “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна.

Энэ жил “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10-т зааснаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Аяны хүрээнд өсвөр насны охид, хөвгүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд олон нийтийг уриалж байна.