Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Жэрэс” ОУ-ын байгууллага, Монголын Эмэгтэйчүүдийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

  Европын Холбооны дэмжлэгтэй “Дулаан шийдэл II” төсөл нь 2022-2026 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын барилгын салбарт байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай туршлагыг нэвтрүүлэх зорилгоор иргэдэд хүртээмжтэй, тохиромжтой шийдлүүдийг хөгжүүлж, хувийн байшин, сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зах зээлийг бий болгох зорилготой.

Төслийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүрэг “Жэрэс” ОУ-ын байгууллага, Монголын Эмэгтэйчүүдийн сан хамтран гурван талт санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулах уулзалтад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ОУ-ын байгууллага болон Монголын Эмэгтэйчүүдийн сан, дүүргийн холбогдох албаныхан байлцлаа. Төслийг хэрэгжүүлэх санамж бичигт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, Европын Холбооны дэмжлэгтэй “Дулаан шийдэл II” төслийг удирдан хэрэгжүүлэгч “Жэрэс Олон улсын төрийн бус байгууллага”-ыг төлөөлж суурин төлөөлөгч Элиан Жарри, төслийг хамтран хэрэгжүүлэгч “Монголын Эмэгтэйчүүдийн сан”-г төлөөлж гүйцэтгэх захирал Б.Агни нар гарын үзэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Европын Холбооны Свич-Эшиа II хөтөлбөрийн дэмжлэгтэй “Дулаан шийдэл II” төслийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай туршлага, шийдлүүдийг дүүргийн иргэдэд таниулах, сурталчлах замаар хувийн байшин, сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой байгуулсан. Төслийн хүрээнд энэ жил тус дүүргийн 300-аас доошгүй иргэнийг олон нийтийн сургалтанд хамруулах, 30,000 гаруй иргэнд цахим хэлбэрээр мэдээлэл хүргэх, 500 гаруй өрхөд дулаалгын энгийн аргуудыг хэрэгжүүлэх, 200 өрхийн байшинг 5см зузаантай дээврийн дулаалгаар дулаалах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.