2023 оны 11 сарын 29-ний өдөр Дугаар А/689 Улаанбаатар хот
Газрын зөрчил арилгаж, Түргэн
үйлчилгээний цэг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай” 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто болон явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэг, стандарт шаардлага хангахгүй дугуйт байгууламж (тээврийн хэрэгсэл) нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тохиолдолд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-т, түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т тус тус үүрэг болгосугай.
2.Газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэлтийн ажилд дэмжлэг үзүүлж аюулгүй байдал, хэв журам сахиулан ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (хурандаа С.Галбадрах)-т, зөвшөөрөлгүй тог цахилгааныг салгахад дэмжлэг үзүүлэх, орчны цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэж ажиллахыг Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс (Г.Туяацэцэг)-т, нүүлгэн шилжүүлсэн талбайд дахин түргэн үйлчилгээний цэг байршуулахгүй байхад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Нүүлгэн шилжүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж шаардагдах зардлыг хавсралтаар баталж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН