Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/254 Орон нутагт зөвшөөрөлгүй зорчих, хөдөлгөөнд хяналт тавих тухай

2021 оны 05 сарын 14-ний өдөр                   Дугаар А/254                                       Улаанбаатар хот

 

Орон нутагт зөвшөөрөлгүй зорчих, хөдөлгөөнд

хяналт тавих тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн 12 дугаар хороо “Карьерийн зам”, 13 дугаар хороо Бухын станц, Бөхөгийн гол, 14 дүгээр хороо Гавьжийн шандын баталгаат бус замуудаар зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлаж, хяналт шалгалт зохион байгуулсугай.
  2. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
  3. Баталгаат бус замуудад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/, Цэргийн штаб /хурандаа Г.Жаргалсайхан/, Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 2.975.000 /хоёр сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН