Хан-Уул
Мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

“Мэргэжил бүхэн сайхан”

НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан

Хан-Уулаа түшиж, хатан Туулаа эмжин налайсан Хан-Уул дүүргийн иргэд, эх орны хойч ирээдүй болсон хүүхэд багачууд Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.

Дүүрэг, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн тусалж “Мэргэжил бүхэн сайхан” аяныг 2017 оны 04 дүгээр сарын 20, 05 дугаар сарын 20-ныг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажил мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн сургалтууд зохион байгуулагдах бөгөөд байгууллага, их дээд сургуулиудтай танилцах өртөөлчилсөн аялал, багш сурагчдын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, алдар суутай хүмүүс хичээл заах зэрэг ажлууд үе шаттай зохион байгуулагдана.

Монголын ирээдүй болох хүүхэд бүрийг өөрийгөө  нээх, ирээдүйгээ  төлөвлөх, мэргэжлээ зөв сонгоход нь арга зүйн  зөвөлгөө өгч, эрдэм боловсрол, ёс зүйтэй, төлөвшилтэй хүн болгоход чиглэгдсэн энэхүү аянд хүн бүрийг идэвх зүтгэлтэй оролцоно гэдэгт бүрэн итгэж байна. Та бүхний ажил амьдрал, хичээл сурлаганд нь амжилт хүсье.

Номын цагаан буйн дэлгэрэх болтугай.