Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдыг ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн туслах “Мэргэжил сонголтын төв” байгуулах зорилт тусгагдсан билээ.
Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь “Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, багш, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах” гэсэн үндсэн чиглэлтэй юм.
“Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтсээс “Мэргэжил бүхэн сайхан” сарын аяныг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Өнөөдөр “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мэргэжил бүхэн сайхан” сарын аян нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга, ЕБС-ийн захирал багш, сурагч, цэцэрлэгийн эрхлэгч, Их дээд сургуулийн удирдлага багш оюутнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “ХУД-ийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтсээс “Мэргэжил бүхэн сайхан” сарын аяныг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэ сарын аян нь хүүхэд бүрийг сурч хөгжих, зөв зан төлөвшилтэй болгох, мэргэжлээ зөв сонгох зэрэгт туслах зорилгыг өмнөө тавьж байгаа юм. Хүн болгон математикч болох албагүй, хүн болгон дээд сургууль төгсөх албагүй. Хамгийн гол нь хүүхэд бүхэн өөр өөрийн сонгосон мэргэжилдээ эзэн болох, өөр өөрийн хүсэл сонирхолоор мэргэжлээ сонгоход энэ аяны зорилго оршиж байна. Энэ жил ЕБС-иа төгсөж буй хүүхэд болгонд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.
“Мэргэжил бүхэн сайхан” аяны нээлтийн үеэр Хан-Уул дүүргийн хэлтэс, албадууд, Их дээд сургуулиуд үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа иргэд болон сурагчдад танилцуулж байгаа нь иргэдийнхээ цаг завыг гамнасан, хүүхдүүдийн орох сургуулийг сонгоход томоохон хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа юм.
Нээлтийн эхэнд Хан-Уул дүүргийн хэлтэс албад, байгууллага аж ахуйн нэгж, шилдэг сурагчдын төлөөлөл нэгдсэн парадаар жагсаж, нээлтийн талбайд орж ирсэн нь уг үйл ажиллагааны өнгө жавхланг нэмсэн үйл явдао боллоо. Энэхүү хүндэтгэлийн жагсаалд 520 гаруй иргэд жагссан бөгөөд нийтдээ 41 байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.
“Мэргэжил бүхэн сайхан” аяныг 4 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
1. Нээлт, сургалт зохион байгуулах үе шат: Хугацаа 4-р сарын 20-28-ны өдрүүдэд
2. Өртөөчилсөн аялал, удирдлагуудын хичээл заах үе шат: Хугацаа 4-р сарын 28-наас 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд
3. АХА, уралдаан тэмцээний үе шат: Хугацаа 5-р сарын 5-12-ны өдрүүдэд
4. Нэгжүүд дээр зохион байгуулах нэрэмжит ажлууд, тайлан, үр дүнг тооцох үе шат: 5-р сарын 12-20-ны өдрүүдэд
Энэхүү ажлын хүрээнд ерөнхий боловсролын сурагчдад зориулан ажил мэргэжлээ зөв сонгоход тусалж үе шаттай сургалтууд, уралдаан тэмцээн, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, мөн эцэг эх албан байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулагдана. Мөн энэ хугацаанд Дүүргийн засаг даргын тамгын газрын хэлтэс албадын дарга нар, Иргэдийн Хурлын төлөөлөгч, хөдөлмөрийн баатар, алдар суутнууд ерөнхий боловсролын сурагчдад ажил мэргэжлийн чиглэлээр хичээл зааж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах юм байна.
Тус аяны зорилт
– Хүүхэд бүрийг сурч, хөгжих, төлөвших, мэргэжлээ зөв сонгон суранцана.
– Сургууль, эцэг эх, сурагч, Их дээд сургуулийн хоорондын харилцаа хамтын ажиллагаа сайжрана.
– Соёл урлаг, спортоор дамжуулан хүүхэд бүрийн өв тэгш хөгжлийг дэмжинэ.
– Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, идэвх оролцоо сайжирч элсэлтийн шалгалтын нийлбэр оноогоо 1-2 байр ахиулах зорилт тавьж байгаа юм.