Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 1200 ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

“Ээж бол ертөнц” арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 16 хорооны 4 болон түүнээс дээш хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн 1200 эмэгтэй оролцсон бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, орлогч дарга А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Мөн “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эхийн алдар-I” одонгоор 18, “Эхийн алдар-II” одонгоор 345, нийт 363 ээж энгэртээ одон гялалзууллаа.



Хан-Уул дүүргийн “Алдарт эх”-чүүдэд хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэхдээ “Монголын хувь заяа Монгол эхчүүдээс шалтгаална. Учир нь Монголын “Алдарт эх”-үүд гэр бүлээ, үр хүүхдээ, улс орноо авч явах их үйлсд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм хүмүүс билээ.  Та бүхэндээ  эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн ерөөл дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар мөнхүү дүүргийнхээ 1200 ээжүүддээ хүндэтгэл үзүүлэн баяр талархалын үгээ хэлсэн юм.

Энэхүү “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж хүндэтгэл үзүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Алдарт эх”-үүд маань баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ.









“Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээнд урлаг соёлын алдартангууд ая дуугаа өргөлөө.