Хан-Уул
Мэдээлэл

“УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ” СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА

Ухаан билигт монголчуудын халуун голомт, төр түмний их өргөө болсон нийслэл хотынхоо түүхт 378 жилийн  үүсэл хөгжил, бүтээн байгуулалт, түүхэн замнал, уламжлал шинэчлэлийг мэдэх, төрөлх хотоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ” сэдэвт хичээлийг 2017 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн 49 бүлгийн 3606 сурагч хамрагдаж, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, ХУД-ийн ИТХ-ын  төлөөлөгч А.Одбаяр, Э.Бодьцэцэг, Д.Батбилэг, Г.Оюунтөмөр, О.Анхбаяр, Д.Уранцэцэг, Н.Наранцацрал, А.Мөнх-Амгалан, ХУД-ийн Тохижолт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ, Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Н.Батбаяр зэрэг удирдлагууд  тухайн хичээлийг  удирдан чиглүүлж,  сурагчидтай халуун дотно яриа өрнүүлэн, тэдний сонирхсон асуултад хариулав.

Улаанбаатар хот нь Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг, Аргалант Баянцогт, Батсүмбэр, Эрдэнэ сумтай хиллэнэ. Хангай говийн зааг Богд, Чингэлтэй, Сонгино, Баянзүрх уулсаар хүрээлэгдсэн. Туул, Улиастай, Сэлбэ голуудын бэлчир,  Хойд өргөргийн  47”55” градуст,  Зүүн уртрагийн  106,55 градус солбилцолд  далайн түвшнээс дээш 1351метрийн өндөрт 4.704.4 га талбайг эзлэн оршдог. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөл нь хүйтэн, зун нь  сэрүүн, баруун хойд зүгийн салхи зонхилдог онцлогтой билээ.

Улаанбаатар хотын түүхэн үечлэлийг танилцуулбал:

  • Өргөө  – 1639-1651  он
  • Номын хүрээ – 1651-1706 он
  • Их Хүрээ  -1706-1911 он  /Да хүрээ, Богдын хүрээ гэх мэт албан ёсны бус нэрүүд байсан./
  • Нийслэл хүрээ -1911-1924 он
  • Улаанбаатар хот – 1924 оноос өнөөг хүртэл

Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 1.380.800 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн ногдож байна.

Улаанбаатар нь Монгол Улсын нутгийн 0,3% -ийг эзлэх боловч нийт  хүн амын 40 хувь нь, хот суурин газрын хүн амын 65% энд оршин суудаг.

2007 оны 4-р сард 1,0 сая хүнтэй болж  дэлхийн саятан хотуудын 182-р, Азийн саятан хотуудын 107-р жагсаалтад бичигдэх болжээ. Нийслэлийн хүн амын дундаж наслалт 66.8 болж, хүн амын 29% 0-15 насны хүүхэд, 67% -ийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна.