Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 32 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭ БАЙРНЫХАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нэрт математикч П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль хичээлийн шинэ байрны нээлтээ хийлээ.

640 хүүхдийн хүчин чадал бүхий тус сургуулийн байрны бүтээн босголтыг улсын төсвийн концессоор, 5.8 тэрбум төгрөгийн өртөгөөр “Ганьт” ХХК-ий хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Тус сургуулийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Лу.Болд, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, ХУД-ийн Засаг даргын орлогч дарга А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо  болон холбогдох албаны хүмүүс, захирал, эцэг эхчүүд, багш сурагчид, төгсөгчдийн төлөөлөл  оролцлоо.

Ийнхүү тус сургуулийн шинэ байр ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэж байсан сурагчид маань 1 ээлжинд шилжиж сурах тав тухтай орчинтой болсонд багш, суралцагч, эцэг эхчүүд туйлын баяртай байна.

Мөн 160 гаруй хүүхэд нэгэн зэрэг сууж ном унших хүчин чадалтай номын сангийн заал, бялдаржуулах танхим, урлаг заал, цайны газар зэргийг иж бүрнээр шийдвэрлэсэн нь  ирсэн зочдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.

“Шинэ сургуулийн байр ашиглалтанд орох хугацаанд өөр сургууль дээр хичээллэж байсан багш, сурагчид маань өнөөдөр шинэ хичээлийн байрандаа халуун бүлээрээ эргэн цуглаж байгаад үнэхээр их баяртай байна. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээн босгосон шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа монгол уламжлалт ёс заншлаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд анхаарч чадварлаг монгол иргэн хүмүүжүүлэх болно.” хэмээн 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр хэлсэн юм.